Мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах нийтлэг шаардлага

“Ахлах” зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл үндсэн мэргэшлийн үнэмлэхтэй байх;
  2. Тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 8-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх,
  3. Сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний хувьд тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 6-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх;
  4. Ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, үндсэн мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;
  5. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);
  6. Жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, үндсэн мэргэшлийн чиглэлээр байх;
  7. Тухайн мэргэжил, үндсэн мэргэшлээр ажилласан сүүлийн 3 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх.

 “Тэргүүлэх” зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл мэргэшлийн үнэмлэхтэй байх;
  2. Тухайн мэргэжил эсхүл тухайн мэргэшлийн чиглэлээр 13-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх,
  3. Сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний хувьд тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх;
  4. Ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх,
  5. Орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах Эрүүл мэндийн газраас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;
  6. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);
  7. Ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байгууллага болон бүс, орон нутгийн хэмжээнд төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт жил тутам зохион байгуулах эсхүл оролцох, үр дүнд хүрсэн байх;
  8. Жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байх;
  9. Тухайн мэргэжил, мэргэшлээр ажилласан сүүлийн 3 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх.

“Зөвлөх” зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах нийтлэг шаардлагыг хангана. Үүнд:

  1. Мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл мэргэшлийн үнэмлэхтэй байх;
  2. Тухайн мэргэжил, үндсэн эсхүл төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд 25-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх;
  3. Ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх,
  4. Орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах Эрүүл мэндийн газраас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;
  5. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);
  6. Ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байгууллага болон бүс, орон нутаг, үндэсний түвшинд төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт жил тутам зохион байгуулах, үр дүнд хүрсэн байх;
  7.  Жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байх;
  8. Тухайн мэргэжил, мэргэшлээр ажилласан сүүлийн 5 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх;
  9. Салбарын хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудалд хувь нэмэр оруулсан манлайлагч байх.

Мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлагыг мэргэжил, мэргэшлийн онцлогийг харгалзан мэргэшлийн зэргийн чиглэл, шатлал тус бүрээр баталж, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлөөс зөвшөөрсөний дагуу хэрэгжүүлэх ба нийтлэг шаардлагын үзүүлэлтийг тусгай шаардлагад давхцуулахгүй.

Тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр зөвлөх зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлагад боловсролын доктор, шинжлэх ухааны докторын зэргийн асуудлыг оруулах эсэхийг мэргэшлийн нийгэмлэг, холбоо судалж, журмын 5.1.7-д заасан төлөвлөгөөтэй уялдуулж тусгана.

“ГЭМТЭЛ СОГОГИЙН” МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

АХЛАХ зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах тусгай шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. 2019 оны А/513 дуугаарын журмын 4.1.-ийн дагуу нийтлэг шаардлагыг хангасан байна.
  2. Мэргэшлийн Ахлах зэрэг горилогч нь 8 жил Гэмтэл согогийн мэс заслын эмч мэргэжлээрээ ажилласан байна.
  3. МГСЭМХолбооноос зохион байгуулж буй дотоодын болон гадаадын багц цагийн сургалтанд жил бүр 2 болон түүнээс олон удаа оролцож баталгаажуулсан байна.
  4. Мэргэжлийн сэтгүүлд 5 болон түүнээс дээш тооны эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байна.
  5. Нийтлүүлсэн шинжлэх ухааны үндэслэлтэй, чанартай эрдэм шинжилгээний бүтээлийн 2 болон түүнээс дээш тооны өгүүллийг мэргэжлийн чиглэлийн “Гэмтэл согог судлал” сэтгүүлд заавал нийтлүүлсэн байна.
  6. Нийт нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн 3 болон түүнээс дээшхид 1-р зохиогчоор оролцсон байна. /хэвлэгдсэн сэтгүүлийг эх хувиар авч ирэх /
  7. ОУ-ын эрдэм шинжилгээний хуралд мэргэжлийн чиглэлийн 1 болон түүнээс дээш тооны аман илтгэл, ханан илтгэл хэлбэрээр эрдэм шинжилгээний бүтээлээ танилцуулсан байна.
  8. МГСЭМХ-ны татвараа тасралтгүй төлсөн байна.

ТЭРГҮҮЛЭХ зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах тусгай шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. 2019 оны А/513 дугаарын журмын 4.2.-ийн дагуу нийтлэг шаардлагыг хангасан байна.
  2. Гэмтэл согогийн мэс заслын эмч мэргэшлийн Ахлах зэрэг хамгаалснаас хойш 5 жил гэмтэл согог заслын мэргэжлээрээ ажилласан байна.
  3. Хэрэв горилогч нь Анагаах ухааны докторын эрдмийн зэрэгтэй тохиолдолд, сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэнтэй адилтган хөнгөлөлт үзүүлж мэргэшлээрээ 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан тохиолдолд эрх үүснэ.
  4. МГСЭМХолбооноос зохион байгуулж буй дотоодын болон гадаадын багц цагийн сургалтанд жил бүр 2 болон түүнээс олон удаа оролцож баталгаажуулсан байна.
  5. Мэргэжлийн сэтгүүлд 15 болон түүнээс дээш тооны эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байна.
  6. Нийтлүүлсэн шинжлэх ухааны үндэслэлтэй, чанартай эрдэм шинжилгээний бүтээлийн 5 болон түүнээс дээш тооны өгүүллийг мэргэжлийн чиглэлийн “Гэмтэл согог судлал” сэтгүүлд заавал нийтлүүлсэн байна.
  7. Нийт нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн 8 болон түүнээс дээшхид 1-р зохиогчоор оролцсон байна. /хэвлэгдсэн сэтгүүлийг эх хувиар авч ирэх /
  8. ОУ-ын эрдэм шинжилгээний хуралд мэргэжлийн чиглэлийн 2 болон түүнээс дээш тооны аман илтгэл, ханан илтгэл хэлбэрээр эрдэм шинжилгээний бүтээлээ танилцуулсан байна.
  9. Хөдөө орон нутагт 2 буюу түүнээс дээш удаа сургалт хийсэн байх эсвэл 3 сар ба түүнээс дээш хугацаагаар ажиллаж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байх /сургалт хийсэн болон ажилласан байгууллагын тодорхойлолтоор баталгаажина./
  10. МГСЭМХ-ны татвараа тасралтгүй төлсөн байна.

ЗӨВЛӨХ зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах тусгай шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. 2019 оны А/513 дугаарын журмын 4.3.-ийн дагуу нийтлэг шаардлагыг хангасан байна.
  2. Гэмтэл согогийн мэс заслын эмч мэргэшлийн Тэргүүлэх зэрэг хамгаалснаас хойш 11 жил гэмтэл согог засалч мэргэжлээрээ ажилласан байна.
  3. Зөвлөх зэрэг горилогч нь Анагаах ухааны докторын зэрэгтэй тохиолдолд, сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэнтэй адилтган хөнгөлөлт үзүүлж мэргэшлээрээ 22-аас доошгүй жил тасралтгүй ажилласан тохиолдолд эрх үүснэ.
  4. МГСЭМХолбооноос зохион байгуулж буй дотоодын болон гадаадын багц цагийн сургалтанд жил бүр 2 болон түүнээс олон удаа оролцож баталгаажуулсан байна.
  5. Тус бүр 5 хэвлэлийн хуудаснаас багагүй 1 ба түүнээс дээш ширхэг ном товхимолыг хэвлүүлсэн байна.
  6. Мэргэжлийн сэтгүүлд 25 болон түүнээс дээш тооны эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байна.
  7. Нийтлүүлсэн шинжлэх ухааны үндэслэлтэй, чанартай эрдэм шинжилгээний бүтээлийн 10 болон түүнээс дээш тооны өгүүллийг мэргэжлийн чиглэлийн “Гэмтэл согог судлал” сэтгүүлд заавал нийтлүүлсэн байна.
  8. Нийт нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн 15 болон түүнээс дээшхид 1-р зохиогчоор оролцсон байна.
  9. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд мэргэжлийн чиглэлийн 3 болон түүнээс дээш тооны аман илтгэл, ханан илтгэл хэлбэрээр эрдэм шинжилгээний бүтээлээ танилцуулсан байна.
  10. Гэмтэл согог судлалын чиглэлээр мэргэжил арга зүйн бодлогын баримт бичиг, заавар, удирдамж боловсруулах, батлуулахад 3 болон түүнээс олон удаа оролцсон байна.
  11. Тухайн мэргэшлээр 2-оос доошгүй эмч дагалдуулан сургасан байх;
  12. Хөдөө орон нутагт 4 буюу түүнээс дээш удаа сургалт хийсэн байх эсвэл 6 сар ба түүнээс дээш хугацаагаар ажиллаж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байх /сургалт хийсэн болон ажилласан байгууллагын тодорхойлолтоор баталгаажина./
  13. МГСЭМХ-ны татвараа тасралтгүй төлсөн байна.

Монголын Гэмтэл Согогийн Эмч Мэргэжилтнүүдийн Холбоо

Share: