Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Монголын гэмтэл, согог судлалын эмч, мэргэжилтэн (МГСЭМ)-ий холбооны гишүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 
Манай МГСЭМ-ний нийгэмлэг анх 2015 онд анх байгуулагдсан бөгөөд өдгөө тасралтгүй 8 жил үйл ажиллагаагаа явуулж байна. 2022 оноос манай нийгэмлэг үйл ажиллагаагаа тэлэх, илүү олон эмч мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах зорилгоор бүтэц, зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулан МГСЭМ-ний холбоо болсон бөгөөд түүнээс хойш илүү олон салбарын эмч мэргэжилтнүүдийг холбоондоо элсүүлэн оруулсан билээ. 
Миний бие холбооны ерөнхийлөгчийн ажлыг хүлээн авснаас хойш эхний ээлжид нийт хөдөө, орон нутаг болон хот, дүүргийн хувийн болон улсын эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийг холбоондоо элсүүлэх ажлыг идэвхжүүлснээс гадна, бусад гэмтэл согогийн нийгэмлэгүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн нийт гишүүддээ мэдээлэл хүргэх, эргэх холбоог идэвхжүүлэх зорилгоор холбооны цахим хуудсыг шинээр байгуулсан болно. 
Цаашид холбооны зүгээс нийт гишүүдийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор дотоод болон гадаадын сургалтыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Мөн нийт холбооны гишүүдийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болох үүднээс хууль эрх зүйн зөвлөгөө өгөх зэргээр олон төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Эцэст нь хэлэхэд, манай холбооны үйл ажиллагаа амжилттай хэрэгжихэд та бүхний идэвх оролцоо хамгийн чухал бөгөөд, та бүхний дэмжлэг болон хамтын ажиллагааг хичээнгүйлэн хүсье.

Тогтмолын Мөнхсайхан