Мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах нийтлэг шаардлага

Мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах нийтлэг шаардлага

    Эрүүл мэндийн сайдын

2019 оны 11 сарын 15-ны өдрийн

                                                               А/513 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

Мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах нийтлэг шаардлага

“Ахлах” зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл үндсэн мэргэшлийн үнэмлэхтэй байх;
  2. Тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 8-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх,
  3. Сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний хувьд тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 6-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх;
  4. Ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, үндсэн мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;
  5. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);
  6. Жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, үндсэн мэргэшлийн чиглэлээр байх;
  7. Тухайн мэргэжил, үндсэн мэргэшлээр ажилласан сүүлийн 3 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх.

 

 “Тэргүүлэх” зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл мэргэшлийн үнэмлэхтэй байх;
  2. Тухайн мэргэжил эсхүл тухайн мэргэшлийн чиглэлээр 13-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх,
  3. Сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний хувьд тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх;
  4. Ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх,
  5. Орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах Эрүүл мэндийн газраас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;
  6. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);
  7. Ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байгууллага болон бүс, орон нутгийн хэмжээнд төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт жил тутам зохион байгуулах эсхүл оролцох, үр дүнд хүрсэн байх;
  8. Жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байх;
  9. Тухайн мэргэжил, мэргэшлээр ажилласан сүүлийн 3 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх.

“Зөвлөх” зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах нийтлэг шаардлагыг хангана. Үүнд:

  1. Мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл мэргэшлийн үнэмлэхтэй байх;
  2. Тухайн мэргэжил, үндсэн эсхүл төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд 25-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх;
  3. Ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх,
  4. Орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах Эрүүл мэндийн газраас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;
  5. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);
  6. Ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байгууллага болон бүс, орон нутаг, үндэсний түвшинд төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт жил тутам зохион байгуулах, үр дүнд хүрсэн байх;
  7.  Жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байх;
  8. Тухайн мэргэжил, мэргэшлээр ажилласан сүүлийн 5 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх;
  9. Салбарын хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудалд хувь нэмэр оруулсан манлайлагч байх.

 

Мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлагыг мэргэжил, мэргэшлийн онцлогийг харгалзан мэргэшлийн зэргийн чиглэл, шатлал тус бүрээр баталж, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлөөс зөвшөөрсөний дагуу хэрэгжүүлэх ба нийтлэг шаардлагын үзүүлэлтийг тусгай шаардлагад давхцуулахгүй.

Тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр зөвлөх зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлагад боловсролын доктор, шинжлэх ухааны докторын зэргийн асуудлыг оруулах эсэхийг мэргэшлийн нийгэмлэг, холбоо судалж, журмын 5.1.7-д заасан төлөвлөгөөтэй уялдуулж тусгана.

“ГЭМТЭЛ СОГОГИЙН” МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

 

Гэмтэл согогийн Ахлах зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах тусгай шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Илтгэл, өгүүлэл 5-аас доошгүй хэвлүүлсэн байх /Сүүлийн 5 жилд, Нэгдүгээр зохиогчоор илтгэл – 3  Нэгдүгээр зохиогчоор өгүүлэл -2 хэвлэгдсэн сэтгүүлийг эх хувиар авч ирэх /
  2. Оношилгоо, эмчилгээнд 2-оос доошгүй шинэ арга, аргачлал нэвтрүүлсэн байх  

Гэмтэл согогийн Тэргүүлэх зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах тусгай шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Илтгэл, өгүүллэл 10 –аас доошгүй хэвлүүлсэн байх /Сүүлийн 5 жилд, Нэгдүгээр зохиогчоор илтгэл-5, Нэгдүгээр зохиогчоор өгүүлэл-5  хэвлэгдсэн сэтгүүлийг эх хувиар авч ирэх /
  2. Оношилгоо, эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ арга, аргачлал 3-аас доошгүй нэвтрүүлсэн байх.

Гэмтэл согогийн Зөвлөх зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах тусгай шаардлагыг хангасан байна. Үүнд:

Төрөлжсөн төв эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний тухайд :

  1. Ном, гарын авлага- 1-с доошгүй хэвлүүлсэн байх, эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны илтгэл 20 бичиж хэвлүүлэн мэргэжлийн эмч нарын хүртээл болгосон байх; Сүүлийн 5 жилд, Нэгдүгээр зохиогчоор илтгэл -10, Нэгдүгээр зохиогчоор өгүүлэл -10  хэвлэгдсэн сэтгүүлийг эх хувиар авч ирэх /
  2. Тухайн мэргэшлээрээ 2-оос доошгүй эмч дагалдуулан сургасан байх;
  3. АУ-ны доктор, Боловсролын докторын зэрэгтэй байх

Төрөлжсөн төв эмнэлгээс бусад эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний тухайд:

  1. Эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны илтгэл 15 бичиж хэлэлцүүлж салбарын эмч нарын хүртээл болгосон байх; (Сүүлийн 5 жилд, Нэгдүгээр зохиогчоор илтгэл -8, Нэгдүгээр зохиогчоор өгүүлэл -7  хэвлэгдсэн сэтгүүлийг эх хувиар авч ирэх /
  2. Өөрийн хариуцсан бүс, аймагт урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний чиглэлээр зохион байгуулсан сургалтад багшилсан байх;.
  3. Тухайн мэргэшлээр 2-оос доошгүй эмч дагалдуулан сургасан байх;

 

Жич: Дээрх материалуудаа Цахим хэлбэрээр Дүйцүүлэх материал хэсэгт скандаж нэг PDF файл болгон хавсаргана.

 

Монголын Гэмтэл Согогийн Эмч Мэргэжилтнүүдийн Холбоо

 

 

 

 

 

 

Мэргэшлийн зэрэг горилогчийн бүрдүүлэх баримт бичиг

 

Эрүүл мэндийн байгууллага нь мэргэшлийн зэргийн шалгалтад орохыг дэмжсэн эмнэлгийн мэргэжилтний дараах баримт бичгийг бүрдүүлж, Цахим хэлбэрээр Дүйцүүлэх материал хэсэгт скандаж нэг PDF файл болгон хавсаргана.

Үүнд:

 

  1. М‎‎‎эргэшлийн зэргийн шалгалтад орохыг хүссэн хувийн өргөдөл;
  2. Байгууллагын даргын баталгаажуулсан мэргэшлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн маягт (эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын шийдвэрээр баталгаажуулсан загвараар);
  3. Орон нутгийн эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас дэмжсэн тодорхойлолт, албан бичиг;
  4. Нийтлэг болон тусгай шаардлагыг хангасныг баталгаажуулах баримт бичиг;
  5. Мэргэшлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол шийдвэр, үнэмлэхийн хуулбар;
  6. Иргэний үнэмлэхний хуулбар;
  7. 3х4 хэмжээний зураг 2 хувь (сүүлийн 6 сард авахуулсан).