Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам

Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам

            Эрүүл мэндийн сайдын

2019 оны 11 сарын 15-ны өдрийн

                                                               А/513 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам

                                                                                      Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар мэргэшлийн зэрэгтэй холбоотой дараах харилцааг зохицуулна. Үүнд:

1.1.1 мэргэшлийн зэргийн шатлал, хугацаа, чиглэл;

1.1.2 мэргэшлийн зэргийн удирдлага, зохион байгуулалт;

1.1.3 мэргэшлийн зэрэг горилоход бүрдүүлэх баримт бичиг;

1.1.4 мэргэшлийн нийгэмлэг, холбоо, эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шаардлага;

1.1.5 мэргэшлийн зэргийн шалгалтын зохион байгуулалт;

1.1.6 мэргэшлийн зэргийн шалгалтын агуулга, хэлбэр;

1.1.7 мэргэшлийн зэргийн шалгалтын үнэлгээ, шалгалтын комиссын бүрэлдэхүүн;

1.1.8 бусад.

1.2 Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаа нь  эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, ур чадварын хөгжлийг тодорхойлох, үнэлэх, дэмжин урамшуулахад чиглэгдэнэ.

1.3 Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.20-д заасан эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн (цаашид “эмнэлгийн мэргэжилтэн” гэх)-д мэргэшлийн зэрэг олгох ба мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаанд үнэн бодитой, шударга, ил тод байх, харилцан итгэлцэх, хамтын оролцоонд суурилах зарчим баримтална.

1.4 Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх бүтэц нь Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.14-д заасан орон тооны бус зөвлөл  (цаашид “Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөл” гэх) байна.

1.5 Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэшлийн зэргийн асуудал хариуцсан нэгж  (цаашид "ажлын алба" гэх) нь Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.13-т заасны дагуу мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгохтой холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулна.

1.6 Мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь энэхүү журмын 3.2.1-д заасан чиглэл, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлөөс олгосон эрхийн хүрээнд мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулна.

1.7 Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааны зардлын жишгийг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан шийдвэрээр зохицуулна.

Хоёр. Мэргэшлийн зэргийн шатлал, чиглэл, хугацаа

2.1 Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэрэг нь “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” гэсэн 3 шатлалтай байна.

2.2 Ахлах зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн нь тухайн мэргэжил, үндсэн мэргэшлийн чиглэлээрх нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан, байгууллагын бусад эмнэлгийн мэргэжилтэнд зөвлөж хамтран ажиллах, тэдний хөгжилд хувь нэмэр оруулах ур чадвартай байна.

2.3 Тэргүүлэх зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн нь тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээрх нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан, бүс, орон нутгийн эмнэлгийн мэргэжилтэнд зөвлөх, тэдний хөгжилд хувь нэмэр оруулах ур чадвартай байна.

2.4 Зөвлөх зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн нь тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээрх нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан, салбар, үндэсний түвшинд бусад эмнэлгийн мэргэжилтэнд зөвлөх, тэдний хөгжилд хувь нэмэр оруулах ур чадвартай манлайлагч байна.

2.5 Мэргэшлийн зэрэг хоорондох шатлал ахиулах хугацаа 5 ба түүнээс дээш жил байна.

2.6 Мэргэшлийн зэргийг шатлал алгасуулан олгохгүй.

2.7 Дор дурдсан үндэслэлийг албан ёсны бичиг баримтаар нотолсон тохиолдолд энэхүү журмын 4.1.2, 4.1.3, 4.2.2, 4.2.3, 4.3.2, 4.3.3-т заасан тасралтгүй ажилласан жилд оруулж тооцно:

2.7.1 жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй;

2.7.2 цэргийн жинхэнэ алба хаасан, энхийг сахиулах ажиллагаанд оролцсон;

2.7.3 өөрийн болон гэр бүлийн гишүүний биеийн эрүүл мэндийн байдлын улмаас мэргэжлээрээ ажиллахгүйгээр эмчлүүлж, сувилуулсан;

2.7.4 эмнэлгийн шинжилгээ хийлгэсэн, донорын үүрэг гүйцэтгэсэн;

2.7.5 гадаад улсад мэргэжил, мэргэшлээрээ суралцсан, магистр, докторын сургалтад хамрагдсан;

2.7.6 удирдах дээд байгууллага, албан тушаалтны шийдвэрээр өөр ажил үүрэг гүйцэтгэсэн, төрийн байгууллагын сонгуульт үүрэг гурван сар хүртэл хугацаагаар гүйцэтгэсэн;

2.7.7 төгсөлтийн дараах мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцсан.

2.8 Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг давхцуулан олгохгүй бөгөөд зөвхөн ажиллаж буй мэргэжил, үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн чиглэлийн аль нэг чиглэлээр мэргэшлийн зэрэг шатлан олгоно.

2.9 Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, сургалт, эрдэм шинжилгээ, хүний нөөц, тусламж, үйлчилгээний чанарын албанд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийг хүчинтэйд тооцох бөгөөд энэхүү журамд заасны дагуу мэргэшлийн зэргийг давтан хамгаалж, ахиулна.

Гурав. Мэргэшлийн зэргийн удирдлага, зохион байгуулалт

3.1 Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь мэргэшлийн зэргийн  чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.1.1 мэргэшлийн зэрэг олгох чиглэлийг бодлогын түвшинд тодорхойлж, хэрэгжилтийг зохицуулах;

3.1.2 хууль эрх зүйн орчинг сайжруулах санал боловсруулж, эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх;

3.1.3 Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах;

3.1.4 мэргэшлийн зэргийн асуудлаар ажлын албанд үйл ажиллагааны чиглэл, заавар өгөх, хяналт тавьж ажиллах;

3.1.5 мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох шийдвэрийн төслийг хянаж эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр батлуулах.

3.2 Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөл нь мэргэшлийн зэргийн чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.2.1 эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох чиглэлийг мэргэжил, үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн чиглэлтэй уялдуулж батлах;

3.2.2 мэргэжлийн нийгэмлэг, холбооноос баталсан мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлагыг хэлэлцэж зөвшөөрөх;

3.2.3 мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоонд эрх олгох асуудлыг хэлэлцэж, 3 жилийн хугацаагаар олгох;

3.2.4 шаардлагатай тохиолдолд мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоог сонгон шалгаруулж, 3 жилийн хугацаагаар эрх олгох;

3.2.5 мэргэжлийн нийгэмлэг, холбооноос зохион байгуулсан мэргэшлийн зэргийн шалгалтын тайланг хэлэлцэж, 3 жилийн хугацаагаар эрх сунгаж олгох эсэхийг шийдвэрлэх;

3.2.6 мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоонд олгох гэрчилгээний загвар батлах;

3.2.7 энэхүү журмын 3.2.3, 3.2.4, 3.2.5-д заасан шийдвэрийг үндэслэн мэргэжлийн нийгэмлэг, холбоонд Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн даргаар баталгаажуулсан гэрчилгээ олгох;

3.2.8 мэргэшлийн нийгэмлэг, холбоонд олгосон эрхийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;

3.2.9 ажлын албаны мэргэшлийн зэрэгтэй холбоотой жил бүрийн тайланг хэлэлцэх, зөвлөмж, үүрэг даалгавар өгөх;

3.2.10 энэхүү журам болон холбогдох хууль тогтоомжид заасан мэргэшлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулахад зөрчил гаргасан Эрүүл мэндийн хөгжлийн төв (ажлын алба), мэргэжлийн нийгэмлэг, холбооны холбогдох албан тушаалтан, эмнэлгийн мэргэжилтэнд хариуцлага тооцох асуудлаар шийдвэр гаргаж, эрх бүхий албан тушаалтанд уламжилж, шийдвэрлүүлэх;

3.2.11 шаардлагатай тохиолдолд бусад асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах, зөвлөмж, үүрэг даалгавар өгөх;

3.2.12 Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудалд холбогдох баримт бичгийг архивын хууль тогтоомжид заасны дагуу архивын нэгж үүсгэж, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хадгалуулах.

3.3 Ажлын алба нь мэргэшлийн зэргийн чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.3.1 мэргэшлийн зэрэг олгохтой холбоотой үйл ажиллагааг зохицуулах, мэргэшлийн зэрэг олгохтой холбоотой дүрэм, заавар, мэргэшлийн зэргийн шалгалтын комиссын дүнгийн хуудас, мэргэшлийн зэрэг горилогчийн хүсэлт, өргөдөл, гомдлын маягтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын шийдвэрээр баталгаажуулж хэрэгжилтийг зохицуулах;

3.3.2 энэхүү журмын 9.7-д заасан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг сүүлийн 5 жилийн байдлаар харьяалах мэргэжлийн нийгэмлэг, холбоонд жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдөрт багтаан албан бичгээр хүргүүлэх, энэхүү хугацаанаас хойш тухайн чиглэлээр эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэр гарсан нөхцөлд ажлын 10 хоногт багтаан харьяалах мэргэжлийн нийгэмлэг, холбоонд албан бичгээр мэдэгдэх;

3.3.3 мэргэжлийн нийгэмлэг, холбооноос ирүүлсэн мэргэшлийн шалгалтад  орох болзол хангасан эмнэлгийн мэргэжилтний бичиг баримтыг журмын дагуу хүлээн авч хянах;

3.3.4 мэргэжлийн нийгэмлэг, холбооноос боловсруулсан мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлагыг хянаж, батлуулан Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлд танилцуулж зөвшөөрүүлэх;

3.3.5 мэргэшлийн зэргийн шалгалтад орох эмнэлгийн мэргэжилтний нэр, мэргэшлийн чиглэлийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын шийдвэрээр баталгаажуулах;

3.3.6 мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах жил бүрийн төлөвлөгөөг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын шийдвэрээр баталгаажуулах, мэргэшлийн зэргийн шалгалтыг энэхүү журмын 7.1-д заасан хугацаанд зохион байгуулах, хяналт тавих;

3.3.7 энэхүү журмын 8.8-д заасан мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах комиссыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын шийдвэрээр баталгаажуулах, мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах үйл ажиллагаа, сорилын сангийн нууцлалтай холбоотой гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллах;

3.3.8 мэргэжлийн нийгэмлэг, холбооны үйл ажиллагааны 3 жилийн нэгдсэн тайланг эрх сунгуулах хүсэлтийн хамт хүлээн авч, тухайн жилийн нэгдүгээр сард багтаан Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлэх;

3.3.9 мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах эрх шинээр хүссэн мэргэшлийн нийгэмлэг, холбооны хүсэлтийг хүлээн авч, тухайн жилийн нэгдүгээр сард багтаан Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлэх;

3.3.10 мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах эрх авсан мэргэжлийн нийгэмлэг, холбооны тухайн оны нэгдсэн тайланг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдөрт багтаан Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлд танилцуулах;

3.3.11 мэргэжлийн нийгэмлэг, холбооноос зохион байгуулсан мэргэшлийн зэргийн шалгалтын дүнг үндэслэн эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох санал боловсруулж эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажуулах;

3.3.12 мэргэшлийн зэрэг олгох шийдвэрийг үндэслэн мэргэшлийн зэргийн үнэмлэхийг батлагдсан загварын дагуу хэвлүүлэн бичиж, баталгаажуулан мэргэжлийн нийгэмлэг, холбоонд хүлээлгэн өгөх;

3.3.13 мэргэжлийн нийгэмлэг, холбоонд олгох гэрчилгээний загварыг гаргах, хэвлэлтийг нэгдсэн зохион байгуулалтаар хангах;

3.3.14 мэргэшлийн зэргийн шалгалтын сорил, бодлого боловсруулах мэргэжилтний нөөц бүрдүүлэх, тасралтгүй сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор мэргэжлийн нийгэмлэг, холбооны чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулах;

3.3.15 мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах эрх олгосон, эрх шинээр хүссэн мэргэжлийн нийгэмлэг, холбоо болон мэргэшлийн зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;

3.3.16 мэргэшлийн зэрэг олгохтой холбоотой мэргэжлийн нийгэмлэг, холбоо, эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн, иргэн, бусад хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад уламжилж шийдвэрлүүлэх;

3.3.17 мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаанд зөрчил гарсан эсэхэд явцын хяналт тавьж зөрчлийг арилгуулах, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөл, холбогдох мэргэжлийн нийгэмлэг, холбоо, эрүүл мэндийн байгууллагад албан бичгээр тухай бүр мэдэгдэх;

3.3.18 энэхүү журмын 3.6.6-д заасны дагуу холбогдох шийдвэр гарсан өдрөөс эхлэн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн мэргэжилтэнд олгож байгаа эсэхэд явцын хяналт тавих;

3.3.19 мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах эрх бүхий мэргэжлийн нийгэмлэг, холбооны танилцуулга, мэргэшлийн зэрэгтэй холбоотой мэдээллийг ажлын албаны цахим хуудсанд нэгтгэн байршуулах, мэргэжлийн холбоо, нийгэмлэгийн цахим хуудастай холбож, тогтмол шинэчлэх;

3.3.20 мэргэшлийн зэрэгтэй холбоотой цахим мэдээний санг тогтмол ажиллуулах, боловсронгуй болгох, хяналт тавих;

3.3.21 мэргэшлийн зэрэгтэй холбоотой баримт бичгийг архивын хууль тогтоомжид заасны дагуу архивын нэгж үүсгэн хадгалах;

3.3.22 эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас даалгасан эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэрэгтэй холбоотой бусад чиг үүрэг.

3.4 Мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь эрх олгосон мэргэшлийн зэргийн чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.4.1 мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлагын төслийг боловсруулж батлан, ажлын албанд  хүргүүлэх;

3.4.2 Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлөөс олгосон эрхийн дагуу тухайн мэргэжлийн нийгэмлэг, холбоонд олгох гэрчилгээг хэвлүүлэх;

3.4.3 эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн мэргэшлийн зэрэг горилогчийн бичиг баримтыг хүлээн авч хянах, мэргэшлийн зэргийн шалгалтад  орох болзол хангасан эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалтыг иргэний үнэмлэх, үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбарын хамт албан бичгээр ажлын албанд хүргүүлэх;

3.4.4 мэргэшлийн зэргийн шалгалт өгөх эмнэлгийн мэргэжилтэнд мэдээлэл, зөвлөгөө (унших материалын жагсаалт, гардан үйлдлийн жагсаалт, жишиг сорил гэх мэт), давтлага өгөх;

3.4.5 мэргэшлийн зэргийн шалгалтын сорил, бодлогын сангийн нууцлалыг хангах;

3.4.6 Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын баталсан төлөвлөгөөний дагуу мэргэшлийн зэргийн шалгалтыг зохион байгуулах;

3.4.7 мэргэшлийн зэргийн шалгалтын хураамж, холбогдох зардлыг зориулалтын дагуу зарцуулах, ажлын албанд тайлагнах;

3.4.8 мэргэшлийн зэргийн шалгалтын жил бүрийн тайланг шалгалт зохион байгуулсанаас хойш ажлын 7 хоногт багтаан, үйл ажиллагааны 3 жилийн нэгдсэн тайланг тухайн жилийн 10 дугаар сарын 15-ны өдөрт багтаан ажлын албанд албан бичгээр хүргүүлэх;

3.4.9 мэргэшлийн зэргийн үнэмлэхийг эмнэлгийн мэргэжилтний харьяалах эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэнд хүлээлгэн өгөх; 

3.4.10 гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийн дэлгэрэнгүй бүртгэл мэдээллийг хөтлөх, тогтмол баяжуулах, боловсронгуй болгох, хяналт тавих;

3.4.11 мэргэжлийн нийгэмлэг, холбооны цахим хуудас ажиллуулах,  мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааны талаарх мэдээллийг  байршуулах, тогтмол шинэчлэх, ажлын албаны цахим хуудастай холбох;

3.4.12 мэргэшлийн зэрэг олгох мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх, багц цагийн богино хугацааны сургалт тогтмол эрхлэх, гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг тасралтгүй сайжруулах 3-5 жилийн төлөвлөгөөтэй байх;

3.4.13 эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах тасралтгүй сургалтыг эрүүл мэндийн байгууллага, бусад мэргэжлийн нийгэмлэг, холбоотой хамтран зохион байгуулах;

3.4.14 гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний харьяалах эрүүл мэндийн байгууллагатай хамтын ажиллагаатай байх;

3.4.15 мэргэшлийн зэргийн шалгалтын жил бүрийн тайлан, үйл ажиллагааны 3 жилийн нэгдсэн тайлан, шалгалтын дүнгийн хуудас, хурлын тэмдэглэл, бусад бичиг баримтыг архивын хууль тогтоомжид заасны дагуу архивын нэгж үүсгэж хадгалах.

3.5 Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөл (цаашид “Мэргэжлийн салбар зөвлөл” гэх) нь дараах тохиолдолд мэргэшлийн зэргийн шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж, энэхүү журмын 3.4-д заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.5.1 тухайн мэргэшлийн чиглэлээр мэргэжлийн нийгэмлэг, холбоо байгуулагдаагүй;

3.5.2 тухайн мэргэшлийн чиглэлээр энэхүү журмын 5.1-д заасан шаардлага хангасан нийгэмлэг, холбоо байхгүй;

3.5.3 мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаа зохион байгуулсан мэргэшлийн нийгэмлэг, холбоо зөрчил гаргасан нь тогтоогдож, эрх хүчингүй болсон.

3.6 Эрүүл мэндийн байгууллага нь мэргэшлийн зэргийн чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.6.1 мэргэшлийн зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтний судалгаа, мэргэшлийн зэрэг шинээр горилох, шатлал ахиулах эмнэлгийн мэргэжилтний судалгааг жил бүр нэгтгэн гаргах, төлөвлөлт хийх, мэргэжлийн нийгэмлэг, холбоог мэдээллээр хангах;

3.6.2 эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшлийн зэргийн шалгалтын талаарх мэдээллээр хангах, төгсөлтийн дараах тасралтгүй сургалтын чиглэлээр мэргэжлийн нийгэмлэг, холбоотой хамтран ажиллах, сургалт зохион байгуулах;

3.6.3 эмнэлгийн мэргэжилтний сургалт, ёс зүй, чанар, аюулгүй байдал, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжийн төлөөлөл бүхий  ажлын хэсгийг байгууллагын түвшинд томилж, тухайн жилд мэргэшлийн зэргийн шалгалт өгөх хүсэлт гаргасан эмнэлгийн мэргэжилтний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, мэргэшлийн зэргийн шалгалтад орохыг дэмжсэн эмнэлгийн мэргэжилтний бичиг баримтыг нэгдсэн журмаар мэргэжлийн нийгэмлэг, холбоонд албан бичгээр хүргүүлэх;

3.6.4 мэргэшлийн зэргийн шалгалтын хугацаанд эмнэлгийн мэргэжилтний үүрэгт ажлыг зохицуулах, дэмжлэг үзүүлэх;

3.6.5 мэргэшлийн зэргийн нэмэгдэлд шаардагдах зардлыг тооцож, жил бүр улсын төсөвт тусгуулах;

3.6.6 мэргэшлийн зэрэг олгох тухай эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэр гарсан өдрөөс эхлэн эмнэлгийн мэргэжилтэнд Засгийн газрын тогтоолоор тогтоосон хувь хэмжээгээр мэргэшлийн зэргийн нэмэгдлийг сар бүр тооцож олгох.

3.7 Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэшлийн зэргийн чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.7.1 мэргэшлийн зэрэг горилох тохиолдолд харьяалах байгууллагад хүсэлт гаргаж, баталгаажуулах;

3.7.2 бүрдүүлсэн бичиг баримт, нотолгоо, тайлан, хүсэлтийн үнэн зөвийг бүрэн хариуцах;

3.7.3 мэргэшлийн зэргийн шалгалттай холбогдон гарах зардлыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн гишүүдийн хамтран баталсан зардлын жишгийн дагуу өөрөө хариуцан төлөх.

Дөрөв. Мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах шаардлага

4.1 “Ахлах” зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:

4.1.1 мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл үндсэн мэргэшлийн үнэмлэхтэй байх;

4.1.2 тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 8-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх,

4.1.3 сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний хувьд тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 6-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх;

4.1.4 ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, үндсэн мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;

4.1.5 мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);

4.1.6 жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, үндсэн мэргэшлийн чиглэлээр байх;

4.1.7 тухайн мэргэжил, үндсэн мэргэшлээр ажилласан сүүлийн 3 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх.

4.2 Тэргүүлэх зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:

4.2.1 мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл мэргэшлийн үнэмлэхтэй байх;

4.2.2 тухайн мэргэжил эсхүл тухайн мэргэшлийн чиглэлээр 13-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх,

4.2.3 сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний хувьд тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх;

4.2.4 ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх,

4.2.5 орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах Эрүүл мэндийн газраас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;

4.2.6 мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);

4.2.7 ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байгууллага болон бүс, орон нутгийн хэмжээнд төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт жил тутам зохион байгуулах эсхүл оролцох, үр дүнд хүрсэн байх;

4.2.8 жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байх;

4.2.9 тухайн мэргэжил, мэргэшлээр ажилласан сүүлийн 3 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх.

4.3 Зөвлөх зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах нийтлэг шаардлагыг хангана. Үүнд:

4.3.1 мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл мэргэшлийн үнэмлэхтэй байх;

4.3.2 тухайн мэргэжил, үндсэн эсхүл төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд 25-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх;

4.3.3 сувилагчийн хувьд тухайн мэргэжил, төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр эрүүл мэндийн байгууллагад 20-оос доошгүй жил тасралтгүй ажилласан байх;

4.3.4 ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх,

4.3.5 орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах Эрүүл мэндийн газраас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;

4.3.6 мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);

4.3.7 ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байгууллага болон бүс, орон нутаг, үндэсний түвшинд төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт жил тутам зохион байгуулах, үр дүнд хүрсэн байх;

4.3.8 жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байх;

4.3.9 тухайн мэргэжил, мэргэшлээр ажилласан сүүлийн 5 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх;

4.3.10 салбарын хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудалд хувь нэмэр оруулсан манлайлагч байх.

4.4 Мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлагыг мэргэжил, мэргэшлийн онцлогийг харгалзан мэргэшлийн зэргийн чиглэл, шатлал тус бүрээр баталж, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлөөс зөвшөөрсөний дагуу хэрэгжүүлэх ба нийтлэг шаардлагын үзүүлэлтийг тусгай шаардлагад давхцуулахгүй.

4.5 Тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр зөвлөх зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлагад боловсролын доктор, шинжлэх ухааны докторын зэргийн асуудлыг оруулах эсэхийг мэргэшлийн нийгэмлэг, холбоо судалж, журмын 5.1.7-д заасан төлөвлөгөөтэй уялдуулж тусгана.

Тав. Мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоонд тавигдах шаардлага

5.1 Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь дараах шаардлагыг хангасан байна.

5.1.1 улсын бүртгэлийн гэрчилгээ, албан  ёсны нэр, тэмдэг, хэвлэмэл хуудастай байх;

5.1.2 сүүлийн 3-аас доошгүй жил үйл ажиллагаа тасралтгүй явуулсан байх (татварын тайлангаар баталгаажуулж татвар, нийгмийн даатгал болон санхүүгийн тайлан балансын өр авлагагүйг нотолно);

5.1.3 байнгын орон тоо бүхий ажлын албатай байх;

5.1.4 тухайн мэргэжил, мэргэшлээр ажилладаг нийт эмнэлгийн мэргэжилтний 51-ээс доошгүй хувийг гишүүнчлэлдээ багтаасан байх;

5.1.5 гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний дэлгэрэнгүй бүртгэл мэдээлэлтэй байх;

5.1.6 тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх, багц цагийн богино хугацааны сургалт эрхлэх зөвшөөрөлтэй байх, батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй байх;

5.1.7 гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг тасралтгүй сайжруулах 3-5 жилийн төлөвлөгөөтэй байх;

5.1.8 гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний 60-аас доошгүй хувийг тухайн мэргэшлийн чиглэлийн багц цагийн богино хугацааны сургалтад, 30-аас доошгүй хувийг тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад жил тутам хамруулдаг байх;

5.1.9 гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний харьяалах эрүүл мэндийн байгууллагатай хамтын ажиллагаатай байх;

5.1.10 холбогдох олон улсын мэргэжлийн нийгэмлэгийн гишүүн байх буюу тогтмол хамтын ажиллагаатай байх, үүнийг гэрээ, ажлын тайлангаар баталгаажуулсан байх.

Зургаа. Мэргэшлийн зэрэг горилогчийн бүрдүүлэх баримт бичиг

6.1 Эрүүл мэндийн байгууллага нь мэргэшлийн зэргийн шалгалтад орохыг дэмжсэн эмнэлгийн мэргэжилтний дараах баримт бичгийг бүрдүүлж, мэргэжлийн нийгэмлэг, холбоонд хүргүүлнэ. Үүнд:

6.1.1 м‎‎‎эргэшлийн зэргийн шалгалтад орохыг хүссэн хувийн өргөдөл;

6.1.2 байгууллагын даргын баталгаажуулсан мэргэшлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн маягт (Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын шийдвэрээр баталгаажуулсан загвараар);

6.1.3 орон нутгийн эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас дэмжсэн тодорхойлолт, албан бичиг;

6.1.4 нийтлэг болон тусгай шаардлагыг хангасныг баталгаажуулах баримт бичиг;

6.1.5 мэргэшлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол шийдвэр, үнэмлэхийн хуулбар;

6.1.6 иргэний үнэмлэхний хуулбар;

6.1.7 3х4 хэмжээний зураг 2 хувь (сүүлийн 6 сард авахуулсан). 

Долоо. Мэргэшлийн зэргийн шалгалтын  тов, мэргэшлийн зэрэг олгох үе шат

7.1 Мэргэшлийн зэргийн шалгалтыг жил бүрийн 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдөрт багтаан зөвхөн нэг удаа зохион байгуулна.

7.2 Мэргэшлийн зэргийн шалгалт дараах үе шаттай явагдана. Үүнд:

7.2.1 шалгалтын бэлтгэл ажлыг хангах, бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах;

7.2.2 шалгалтын комиссыг томилох;

7.2.3 шалгалт зохион байгуулах;

7.2.4 шалгалтын гүйцэтгэлийг дүгнэх, мэдээлэх;

7.2.5 шийдвэр гаргах;

7.2.6 шалгалттай холбоотой гомдол шийдвэрлэх.

7.3 Эрүүл мэндийн байгууллага нь жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдөрт багтаан мэргэшлийн зэргийн шалгалтад орохыг дэмжсэн эмнэлгийн мэргэжилтний баримт бичгийг мэргэжлийн нийгэмлэг, холбоонд нэгдсэн журмаар албан бичгээр хүргүүлнэ.

7.4 Мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн баримт бичгийг хянаж, мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах нийтлэг ба тусгай шаардлага хангасан  эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалтыг холбогдох баримт бичгийн хамт жил бүрийн 03 дугаар сарын 01-ний өдөрт багтаан ажлын албанд хүргүүлнэ.

7.5 Ажлын алба нь мэргэшлийн зэргийн шалгалтын бэлтгэл, зохион байгуулалтыг дараах байдлаар ханган ажиллана:

7.5.1 мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах заавар, мэргэшлийн зэрэг горилогчийн хүсэлтийн маягт, нэмэлт маягтын загварыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлаар батлуулна. Мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах зааврыг тухай бүр баталж, мөрдүүлнэ.

7.5.2 энэхүү журмын 7.1-д заасан мэргэшлийн зэргийн шалгалт  эхлэхээс 60-аас доошгүй хоногийн өмнө ажлын албаны цахим хуудсаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

7.5.3 мэргэшлийн зэргийн шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг томилж, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын шийдвэрээр баталгаажуулна.

7.5.4 мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах байршил, эхлэх хугацаа, мэргэшлийн зэргийн шалгалтад орох эрх хангасан мэргэжилтний нэрийг мэргэшлийн зэргийн шалгалт эхлэхээс ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө ажлын албаны цахим хуудсаар зарлана.

7.6 Мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах эрх бүхий мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь тухайн мэргэшлийн чиглэлийн шалгалтын үйл ажиллагааг журмын 3.3.6-д заасан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, хариуцлагыг бүрэн хариуцна.

7.7 Мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь шалгалтын дүнг үндэслэн мэргэшлийн зэрэг олгох эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалт, шалгалтын тайлан,  санхүүгийн нэгдсэн тайлан, санал, хүсэлтийг шалгалт зохион байгуулж дууссанаас хойш ажлын 7 хоногт багтаан ажлын албанд хүргүүлнэ.

7.8. Ажлын алба нь мэргэжлийн нийгэмлэг холбооноос ирүүлсэн баримт бичгийг хянасны үндсэн дээр мэргэшлийн зэрэг олгох эмнэлгийн мэргэжилтний овог нэр, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн дугаар (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдахгүй мэргэжилтний хувьд регистрийн дугаар), харьяалах эрүүл мэндийн байгууллага, мэргэшлийн нийгэмлэг, холбооны нэр, олгох мэргэшлийн зэргийн үнэмлэхийн дугаар, шалгалтын дүнг батлах тухай шийдвэрийн төслийг мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулсанаас хойш ажлын 14 хоногт багтаан эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

7.9 Энэхүү журмын 7.8-д заасан шийдвэрийн төслийг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын салбарын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж хянаж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр батлуулна. Ажлын алба нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг батлагдсан өдрийн ажлын цагт багтаан ажлын албаны цахим хуудсаар зарлаж, мэргэшлийн нийгэмлэг, холбоонд ажлын 2 хоногт багтаан албан бичгээр хүргүүлнэ.

7.10 Мэргэшлийн зэргийн шалгалттай холбоотой дараах гомдлыг эмнэлгийн мэргэжилтэн ба бусад этгээдээс мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулсан комисст бичгээр гаргаж, шийдвэрлүүлнэ:

7.10.1 шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдол;

7.10.2 комиссын гишүүн журам зөрчсөн тухай гомдол;

7.10.3 шалгалтын явцад гарсан зөрчилтэй холбоотой гомдол;

7.10.4 шалгалтын агуулга, хэлбэртэй холбоотой гомдол;

7.10.5 шалгалтын үнэлгээтэй холбоотой гомдол;

7.10.6 шалгалттай холбоотой бусад гомдол.

7.11 Гомдол гаргагч нь бүртгэлтэй холбоотой гомдлыг бүртгэл дууссанаас хойш ажлын гурав хоногт, шалгалтын явцад гарсан зөрчилтэй холбоотой гомдлыг шалгалт өгсөнөөс хойш ажлын нэг өдөрт, үнэлгээтэй холбоотой гомдлыг шалгалтын дүнг зарласан өдрийн ажлын цагт багтаан, бусад гомдлыг шалгалт дууссанаас хойш тав хоногийн дотор  тус тус бичгээр ирүүлнэ.

7.12 Гомдол гаргагч нь үндэслэлээ тодорхой дурдаж, өөрийнхөө тавьж буй шаардлагын талаарх нотолгоо, бусад холбогдох баримтыг хавсаргана.

7.13 Шалгалтын комисс нь гомдлыг судлан хуулийн хугацаанд шуурхай шалгаж шийдвэрлэж, хариуг гомдол гаргагчид албан бичгээр хүргүүлж мэдэгдэнэ.

7.14 Гомдол гаргагч нь шалгалтын комиссын шийдвэртэй санал нийлэхгүй тохиолдолд ажлын алба, шүүх, хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

Найм. Мэргэшлийн зэргийн шалгалтын агуулга, хэлбэр, үнэлгээ, шалгалтын комиссын бүрэлдэхүүн

8.1 Мэргэшлийн зэргийн шалгалтын агуулга нь тухайн эмнэлгийн мэргэжилтний мэргэжил, мэргэшлийн мэдлэг, чадвар, хандлагыг бодитой үнэлэхүйц байх ба өмнөх шатлалын шалгалтын агуулгатай давхцаагүй, ахисан түвшний байна.

8.2 Мэргэшлийн зэргийн шалгалт нь сорил, бодлого, гардан үйлдэл (эмнэл зүйн орчин, дуураймал орчин, стандарт эмчлүүлэгч), ярилцлага, тайлан хамгаалалт гэсэн хэлбэртэй байна.

8.3 Мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь тухайн мэргэжил, мэргэшлийн онцлогийг харгалзан энэхүү журмын 8.2-т заасан шалгалтын хэлбэрээс сонгож, ажлын албанд санал хүргүүлэн Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлөөс зөвшөөрөл авсаны үндсэн дээр ахлах ба тэргүүлэх мэргэшлийн зэргийн шалгалтыг зохион байгуулна. Сонгогдсон шалгалтын хэлбэрийг энэхүү журмын 3.2.3, 3.2.4, 3.5-д заасан хугацаанд баримталж, хэрэгжүүлнэ.

8.4 Зөвлөх зэргийн шалгалтыг зөвхөн тайлан хамгаалалтаар авах бөгөөд тайлан хамгаалалтыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулна.

8.5 Мэргэшлийн зэргийн шалгалтыг дэвшилтэт технологи ашиглан зайн хэлбэрээр зохион байгуулж болно.

8.6 Энэхүү журмын 8.3, 8.4-т заасан шалгалтад 80 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн нөхцөлд мэргэшлийн зэргийн шалгалтад тэнцсэнд тооцно.

8.7 Мэргэшлийн зэргийн шалгалтын комиссыг холбогдох мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг, холбоо, эрдэмтэн, багш, судлаач, эмнэл зүйн сургагч багшийн төлөөллийг оролцуулж 5-аас доошгүй гишүүнтэйгээр жил бүр шинэчлэн байгуулна. Зөвлөх зэргийн шалгалтын комиссын бүрэлдэхүүнд эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл заавал байна.

8.8 Шалгалтын комиссын бүрэлдэхүүний 2/3-оос доошгүй нь тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа мэргэшлийн зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн байна. Үүнд:

8.8.1 ахлах зэргийн шалгалтын комиссын 2/3-оос доошгүй нь ахлах ба түүнээс дээш зэрэгтэй, мэргэжил, мэргэшлээрээ 13 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэл зүйн сургагч багш, үлдсэн хувь нь магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, 10-аас доошгүй жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн, багш, судлаач;

8.8.2 тэргүүлэх зэргийн шалгалтын комиссын 2/3-оос доошгүй нь тухайд тэргүүлэх зэрэгтэй, мэргэжил, мэргэшлээрээ 15 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эсхүл зөвлөх зэрэгтэй, мэргэшлээрээ 22 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэл зүйн сургагч багш, үлдсэн хувь нь магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, 15-аас доошгүй жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн, багш, судлаач;

8.8.3 зөвлөх зэргийн шалгалтын комиссын 2/3-оос доошгүй нь тэргүүлэх зэрэгтэй, мэргэжил, мэргэшлээрээ 18 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эсхүл зөвлөх зэрэгтэй, мэргэшлээрээ 25 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн (сувилагчийн тухайд мэргэжил, мэргэшлээрээ 20 ба түүнээс дээш жил), эмнэл зүйн сургагч багш, үлдсэн хувь нь доктор ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, 20-аас доошгүй жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн, багш, судлаач.

8.9 Энэхүү журмын 9.4.2-т заасны дагуу мэргэшлийн зэргийг давтан хамгаалахад журмын 8.1, 8.2, 8.3, 8.5, 8.6 дах заалтыг баримтлан тухайн мэргэжлийн нийгэмлэг, холбоо бие даан зохион байгуулах бөгөөд ажлын алба хөндлөнгийн хяналт тавьж ажиллана.

Ес. Мэргэшлийн зэргийн гэрчилгээ, хүчинтэй хугацаа, мэргэшлийн зэрэг

хүчингүй болгох, нөхөн олгох

9.1 Тухайн чиглэлээр мэргэшлийн зэрэг олгосныг гэрчлэх баримт бичиг нь мэргэшлийн зэргийн гэрчилгээ байна.

9.2 Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэрэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт нэгэн адил хүчинтэй байна.

9.3 Эмнэлгийн мэргэжилтэн үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн сургалтад суралцаж, шинэ мэргэшил эзэмшсэн тохиолдолд мэргэшлийн зэрэг нь тухайн шинээр эзэмшсэн мэргэшилд хамаарахгүй.

9.4 Мэргэшлийн зэрэг нь дараах хугацаагаар хүчин төгөлдөр байна. Үүнд:

9.4.1 ахлах, тэргүүлэх зэрэг анх олгосноос хойш тухайн мэргэжил, мэргэшлээр тасралтгүй ажиллаж байгаа нөхцөлд 10 жил;

9.4.2 журмын 9.4.1-д заасны дагуу мэргэжил, мэргэшлээр тасралтгүй 10 жил ажилласны дараа 1 удаа тухайн мэргэшлийн зэргийг давтан хамгаалах шаардлагатай бөгөөд амжилттай давтан хамгаалсан нөхцөлд тухайн мэргэжил, мэргэшлээр цаашид тасралтгүй ажиллаж байгаа бүхий л хугацаанд;

9.4.3 зөвлөх зэрэг олгосноос хойш тухайн мэргэжил, мэргэшлээр тасралтгүй ажиллаж байгаа бүхий л хугацаанд.

9.5 Засгийн газрын тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын хүрээнд энэхүү журмын 9.4.1-9.4.3-т заасан хугацаанд болон цаашид  5 жил тутамд  ажлын тайланг холбогдох мэргэжлийн нийгэмлэг, холбоонд хүргүүлж, баталгаажуулсан нөхцөлд мэргэшлийн зэргийг шинэчлэн тогтоосонд тооцно.

9.6 Журмын 9.4.2-т заасны дагуу мэргэшлийн зэргийг давтан хамгаалсан ахлах зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн нь тэргүүлэх, тэргүүлэх зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн нь зөвлөх зэрэгт тавигдах тусгай шаардлагыг хангасан нөхцөлд  мэргэшлийн зэрэг шатлан ахиулах хүсэлт гаргахад хугацаа үл харгалзана.

9.7 Дараах тохиолдолд эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр хүчингүй болгоно. Үүнд:

9.7.1 мэргэшлийн зэрэг олгосон мэргэжил, мэргэшлийн чиглэлээр эрүүл мэндийн байгууллагад ажиллаагүй, өөр мэргэжил, мэргэшлийн чиглэлээр ажиллаж байгаа тохиолдолд;

9.7.2 Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан шалтгаанаар;

9.7.3 эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн.

9.8 Энэхүү журмын 9.7.2, 9.7.3-д заасны дагуу мэргэшлийн зэрэг хүчингүй болгосон хугацаа нь эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон хугацаатай ижил байна.

9.9 Мэргэшлийн зэргийн гэрчилгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр дараах тохиолдолд нөхөн олгож болно:

9.9.1 гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн;

9.9.2 энэхүү журмын 9.7-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон хугацаа дууссан.

9.10 Мэргэшлийн зэргийн гэрчилгээ нөхөн олгох тохиолдолд эмнэлгийн мэргэжилтэн дараах материалыг бүрдүүлэн, ажлын албанд хүсэлт гаргана:

9.10.1 мэргэшлийн зэргийн гэрчилгээг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн шалтгааныг тодорхой бичсэн өргөдөл;

9.10.2 мэргэшлийн зэргийн гэрчилгээг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт;

9.10.3 гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн гэрчилгээг хэвлүүлэх бодит зардлын төлбөрийг ажлын албаны дансанд шилжүүлсэн төлбөрийн баримт.

9.11 Мэргэшлийн зэргийн гэрчилгээг нөхөн олгож буй тохиолдолд шалгалтад орохгүй ба шинээр олгож буй үнэмлэхний баруун дээд хэсэгт “нөхөн олгов” гэж бичиж, мэргэшлийн зэргийн хүчин төгөлдөр хугацаагаар олгоно.

9.12 Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн ашиглахыг хориглоно.

Арав. Бусад

10.1 Мэргэшлийн зэргийн шалгалтын комиссын гишүүнд санхүү, төсвийн болон эрүүл  мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан багшийн ажлын хөлсний төлбөрийн жишигтэй дүйцүүлэн урамшуулал олгоно.

10.2 Ажлын албаны саналыг үндэслэн мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбооны эрхийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:

10.2.1 мэргэшлийн зэргийн шалгалтыг хүндэтгэх шалтгаангүйгээр товлосон хугацаанд эхлүүлээгүй, дуусгаагүй;

10.2.2 Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлөөс батлаагүй чиглэлээр мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулсан;

10.2.3 мэргэшлийн зэргийн шалгалтын үнэлгээний бодит байдалд шударга бус хандсан, ил тод байдал хангаагүй;

10.2.4 мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь татан буугдсан буюу үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн;

10.2.5 Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй байгуулсан гэрээний 30 ба түүнээс дээш хувь эсхүл гэрээний аль нэг заалт хоёроос дээш удаа зөрчигдсөн;

10.2.6 Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлөөс өгсөн зөвлөмж, үүрэг даалгаврыг хоёр дах удаа биелүүлээгүй;

10.2.7 ажлын албанаас зохион байгуулсан явцын үнэлгээгээр өгсөн зөвлөмжийг хоёр ба түүнээс дээш удаа биелүүлээгүй;

10.2.8 мэргэшлийн зэргийн шалгалтын зардлын жишгийг үндэслэлгүйгээр нэмсэн.

10.3 Мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулахад  зөрчил гаргасан мэргэжлийн нийгэмлэг, холбооны шалгалтын дүнг хүчингүй болгож, шалгалт зохион байгуулахад гарсан зардлыг тухайн мэргэжлийн нийгэмлэг, холбоогоор төлүүлнэ.

10.4 Мэргэшлийн зэргийн шалгалттай холбоотой зөрчил гаргасан, нууцлалыг задруулсан ажлын албаны болон шалгалтын комиссын албан тушаалтныг шалгалтын үйл ажиллагаанд дахин оролцуулахгүй. Ажлын алба энэ тухай мэдээллийг олон нийтэд ил тод зарлаж, зөрчил гаргасан албан тушаалтан, гишүүний нэрсийн жагсаалтыг хөтөлнө.

10.5 Энэхүү журмыг зөрчсөн дараах тохиолдлыг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн ноцтой зөрчилд тооцож, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд ажлын албанаас хандаж шийдвэрлүүлнэ:

10.5.1 эмнэлгийн мэргэжилтний бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, засвар хийсэн;

10.5.2 мэргэшлийн зэргийн шалгалтад энэхүү журмыг зөрчиж тэнцсэн нь илэрсэн;

10.5.3 ажлын албаны болон шалгалтын комиссын албан тушаалтан мэргэшлийн зэргийн шалгалтын сорил, бодлогын нууцлалыг задруулсан нь илэрсэн.

10.6 Энэхүү журмыг зөрчсөн ажлын алба, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, шалгалтын комисс, эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэнд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

-----оОо----