Монголын Мэс заслын эмч нарын холбоо нь 1998 онд Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэг нэртэйгээр байгуулагдаж 2016 оноос Монголын Мэс засалч эмч нарын холбоо гэсэн нэртэйгээр ажиллаж байна. Монголын Мэс засалч эмч нарын холбоо нь бие даан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өнөөг хүртэл Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа мэс заслын эмч, гэмтлийн эмч, хавдрын мэс заслын, хүүхдийн мэс заслын зэрэг салбар бүрийн мэс заслын эмч нарын хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах, эрх зүйн чадамжийг дээшлүүлэх, нэгтгэн хамруулахын төлөө ажиллаж ирсэн билээ.
Монголын мэс заслын эмч нарын чуулга уулзалт зохион байгуулагдаж эхлээд 20 гаруй жил болж байна. Уг чуулга уулзалтанд хот, хөдөөгийн олон зуун мэс засалчид оролцож хийсэн ажил, судалсан эрдмийн бүтээлээ танилцуулахын ялдамд тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцдэг билээ. Холбооныхоо зорилго, үйл ажиллагааны талаар нийт 300 гаруй гишүүддээ мэдээлэл түгээх, тэдний санаа бодлыг сонсож, гишүүдийн мэдлэг ур чадвар, зэрэг дэвийг дээшлүүлэх нь бидний цаашдын хөгжил, дэвшилд ихээхэн тустай билээ. Манай холбооны явуулж буй бодлого, үйл ажиллагааг гишүүдэд танилцуулах, үйл ажиллагаанаас гарах үр өгөөжийг дээшлүүлж, хүрээг нь өргөжүүлэх, гишүүдийн мэдлэг, мэдээлэлд нэмэр оруулахын төлөө өндөр зорилго тавин, зориг эрмэлзэл дүүрэн ажиллаж байна. Монголын мэс засалч эмч нарын холбооны удирдах зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд удирдах зөвлөлийн тэргүүлэгчээр МУ-н хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжав сонгогдон ажиллаж байгаа болно.
Энэ удаагийн Монголын мэс заслын эмч нарын чуулга уулзалтыг 2023 оны 10-р сарын 14-нд “Мэс заслын дараах хүндрэл, түүнээс сэргийлэх нь” сэдэв дор Олон улсын хэмжээнд зохион байгуулах гэж байгаа тул Та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.
Чуулганы зорилго : Мэс заслын тусламж үйлчилгээтэй холбоотой хүндрэлийг илрүүлэх, хүндрэлийн хувийг хэлэлцэх, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох.
Энэ удаагийн чуулганы гол зорилго нь Мэс заслын тусламж үйлчилгээтэй холбоотой хүндрэлийг илрүүлэх, хүндрэлийн хувийг хэлэлцэх, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох тул Чуулганы үеэр хэлцүүлэх илтгэл, өгүүлэлдээ мэс заслын хүндрэлийн хувийг тооцож илтгэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга замуудын талаар туршлага солилцох тул эртнээс хийдэг мэс заслуудынхаа хүндрэлийг баримтжуулж тусгана уу. Мөн Эрүүл мэндийн байгууллагуудынхаа удирдлага, статистикч эмч нартайгаа хамтран оролцох боломж олгон хамтран ажиллана уу.
Чуулгантай холбоотой цагалбарыг дараах хуваарийн дагуу мөрдөнө:
- 2023/09/22 – Чуулганы талаарх албан бичиг бүх эмнэлэгт илгээгдсэн тул аймаг бүрээс 2-оос доошгүй мэс засалчийг оролцуулах. Чуулганд оролцох эмч нарын нэрсийг 2023 оны 10-р сарын 01-ний дотор ирүүлнэ үү (н/б М.Ачитмаа, 99258462, achitmaad@yahoo.com).
- 2023/09/30 – “Мэс засал” сэтгүүлийн илтгэл, өгүүлэл хүлээн авах сүүлийн өдөр (н/б А.Шийрэвнямба, Анударь нарт, 94978228, mzsetguul@gmail.com).
- 2023/10/01 – Хүлээн авсан илтгэл, өгүүлэлүүдээс сонгон шалгаруулалт хийж, чуулганд сонгогдсон илтгэлүүдийн илтгэгчдэд мэдэгдэх, абстракт бэлдүүлэх
- 2023/10/05 – Сонгогдсон илтгэл, өгүүлэлийн абстракт хүлээн авах сүүлийн өдөр
- 2023/10/07 – Ховор тохиолдолын ханан илтгэл (poster presentation) хүлээн авах сүүлийн өдөр
- 2023/10/10 – Сонгогдсон илтгэлийн PPT хүлээн авах сүүлийн өдөр
- 2023/10/05 – “Мэс засал” сэтгүүл, илтгэлийн хураангуйг хэвлэлтэнд өгөх
- 2023/10/10 – Шилдэг мэс засалч, Шилдэг залуу мэс засалч, Эрэмгий мэс засалчийг шалгаруулах материалыг бүрдүүлж илгээсэн байх. Тус чуулганаар Шилдэг мэс засалч, Шилдэг залуу мэс засалч, Эрэмгий мэс засалчийг шалгаруулах тул холбогдох материалыг бүрдүүлж 2023 оны 10-р сарын 15-ны дотор ирүүлнэ үү (н/б О.Жавзандулам, 88019309, duka_mz@yahoo.com).
- 2023/10/10 – “Мэс засал” сэтгүүл, илтгэлийн хураангуйг хэвлэлтээс гарсан байна
- 2023/10/14 – ММЗЭНХолбооны XV чуулган