“СПОРТЫН ГЭМТЭЛ-VI: ГЭМТЭЛ БОЛОН МЭС ЗАСЛЫН ДАРААХ СЭДРЭЛТТЭЙ ШАРХНЫ ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга техник, технологийг нутагшуулах, гадаад улс орнуудын эмч нартай туршлага солилцох, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Спортын гэмтлийн оношилгоо, эмчилгээний Олон улсын хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Гэмтэл болон мэс заслын дараах сэдрэлттэй шархны эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдвийн хүрээнд Монголын гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдийн холбоотой хамтран олон улсын хурлыг зохион байгуулсан бөгөөд тус хуралд БНХАУ-ын Нанши эмнэлэг, ОХУ-ын Улаан-Үүд хотын төв эмнэлэг, АШУҮИСургууль, Монгол улсын лавлагаа шатлалын эмнэлгүүд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүд, ХЗДХЯамны харьяа байгууллагуудын эмч нар оролцож, спортоос шалтгаалсан гэмтлийн мэс заслын оношилгоо, эмчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, олон улсын эмч нартай туршлага солилцсон үр дүнтэй хурал болж өндөрлөлөө.
Тус хурлын илтгэгчдээр:
• ГССҮТөвийн ЭШСА-ны дарга, АУ-ны доктор, профессор, Зөвлөх зэргийн эмч, МГСЭМХ-ны тэргүүн С.Баатаржав “Сэдрэлттэй гэмтлийн дараах нөхөн сэргээх мэс засал” сэдвээр;
• АШУҮИС-ийн АУС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Б.Баатарсүрэн “Чихрийн шижингийн хөлний хүндрэлтэй өвчтөнүүдийн үхжилт үрэвсэлтэй шарханд сөрөг даралт үүсгэн соруулах эмчилгээг ашигласан нь” сэдвээр;
• УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн микробиологийн хэсгийн их эмч, Эмнэлзүйн эмгэг судлалын тэргүүлэх зэргийн эмч Р. Оюунчимэг “МУ-ын III шатлалын эмнэлэг дэх антибиотикт тэсвэртэй нянгийн тархалт”
• БНХАУ-ын Бээжин хотын Нанши эмнэлгийн зөвлөх профессор Minghua Ding “Түлэнхийн сэдрэлттэй шарханд мебо тосон түрхлэг хэрэглэсэн эмчилгээний үр дүн”
• БНХАУ-ын Мебо групп эрүүл мэндийн бүтээгдэхүүний албаны захирал Wei Wei Xu “Сорвины эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдвээр;
• ОХУ-ын Буриад мужийн Эрүүл мэнд биеийн тамир диспансерийн ерөнхий эмч, ЭМЯ-ны зөвлөх эмч, хүний гавьяат эмч Шубин Я.Л “Спортын гэмтлийн тулгамдсан асуудал” сэдвээр тус тус лекц уншиж, илтгэл хэлэлцүүллээ.
Нэн чухал сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн илтгэгч нар, хуралд оролцсон нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ болон тус хурлыг хамтран зохион байгуулсан Монголын Гэмтэл Согогийн Эмч мэргэжилтнүүдийн Холбоо, ивээн тэтгэж оролцсон Ленус Мед ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.