Монгол Улсын анагаах ухааны салбарт гэмтэл согогийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан, оношилгоо, эмчилгээнд орчин үеийн арга, техник, технологийг амжилттай нэвтрүүлэн нутагшуулж, өвдөгний үений мэс заслын эмчилгээний үр дүнг шинэ түвшинд хүргэсэн Анагаахын шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэн, профессоруудын гүйцэтгэсэн “Өвдөг, мөрний үений зөөлөн эдийн гэмтлийг дурангийн аргаар нөхөн сэргээх мэс заслын тусламж, үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн” бүтээлд Монгол Улсын Төрийн Соёрхол шагнал хүртээлээ.
Төрийн шагналыг Үений дурангийн мэс заслын багийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан, багийн гишүүд болох Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн их эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ө.Өлзийбаатар, ГССҮТ-ийн дурангийн их эмч С.Батсүх, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Хэрх үе судал, үе сэргээх төвийн мэс заслын эмч Н.Энхтайван, ГССҮТ-ийн Үений мэс заслын тасгийн сувилагч Б.Жавзандулам нарт гардууллаа.
Тус баг нь 2012 оноос эхлэн ГССҮТ-ийн үйл ажиллагаанд өвдөгний үений дурангийн мэс заслын эмчилгээг нэвтрүүлсэн бөгөөд өдгөө улсын хэмжээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд нийт 10.000 гаруй хүнд өвдөгний үений дурангийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэн, Монгол Улсад амжилттай нутагшуулаад байна.
Үений дурангийн мэс заслыг нутагшуулснаар үен дотор хөнөөл багатай аргаар эмчилгээ үйлчилгээний үр дүнг гаргаж, судалгаа шинжилгээтэй ажиллах бүрэн боломжтой болсон. Үүнээс гадна тус мэс заслыг хийлгэхээр АНУ, Япон, Солонгос, Герман, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнуудыг зорьж байсан иргэдийн урсгалыг татаж, эх орондоо дээрх мэс заслын эмчилгээг нэвтрүүлснээр эрүүл мэндийн салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан юм.
Улсын баяр наадмыг тохиолдуулан Төрийн соёрхол хүртсэн Үений дурангийн мэс заслын багийн гишүүддээ Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсанд нь баяр хүргэж, энэ өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах тэргүүтэй удирдлага, хамт олон нь халуун дотноор хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.